8/02/2009

Яагаад танд хэн ч хариулдаггүй вэ?

8/02/2009

Photobucket

Интернет дээрх самбар, хэлэлцүүлэг, бүлгэмүүдээс хүмүүс асуултаа асууж, асуудлаа шийддэг. Харин "Миний ийм юм болохгүй юм. Яах вэ?" гэсэн асуулт тавьчихаад хариулт хүлээгээд хэн ч таныг тоохгүй байсан тохиолдол бий юу? Тэгвэл яагаад хариулахыг хүсдэггүй вэ? Хэрхэн ухаалаг асуулт тавьж, асуултынхаа хариултыг хурдан олж авах вэ гэдэг дээр хэдэн зөвлөгөө өгье!


Хэт бэлэнчлээд байгаа тохиолдолд хүмүүс хариулдаггүй. "Ийм амархан юмыг эхлээд өөрөө оролдоод үзээч дээ, ийм байхад би чамд зааж өгөхөд ямар ч үр дүнгүй." гэж дотроо бодоод өнгөрдөг.
Тиймээс асуулт асуухаасаа өмнө:
1. Эхлээд өөрөө гүүглд.
2. Монгол хэл дээрх самбарууд, хэлэлцүүлгүүдийн урд талын хуудаснуудыг ухаж үз.
3. Өөрөө оролдож үз. Ингэхдээ

* тухайн програм эсвэл веб саитынхаа Тусламж (Help) гэсэн хэсэг рүү ороод тулгарсан асуудлаа хай.
* FAQ буюу Түгээмэл асуугддаг асуултуудын хэсгийг хайж олоод тэндээс бас хай.
* Тухайн хуудсанд байгаа дарж болох товч холбоос бүгдийг дараад ороод үз winking

4. Үүний дараа үнэхээр болохгүй, асуудал тулгарсан хойноо асуултаа тавь.
Асуулт асуухдаа "болохгүй байна яах вэ?" гэсэн "тэнэг" асуулт битгий тавьж байгаарай. Бүх хүн өөрийн гэсэн амьдралтай цаг хугацаатай, тэгэхээр интернетээр дүүрэн байгаа зааврыг залхуу хүний ам руу аваачиж чихэх гээд суух хүсэлтэй хүн байхгүй. Тиймээс асуулт асууж байгаа хүмүүсийгээ ч хүндлэх хэрэгтэй.
Бас оролдож үзэлгүй асуулт чулуудах нь бусдыг хүндлэхгүй байгаа бүдүүлэг хэрэг юм.

Дээр нь далдыг хардаггүй учир болохгүй байна яах вэ? гэхээр юу нь болохгүй, яах ёстойг хэн ч хэлж чадахгүй... Хамгийн гол нь залхуу хүмүүст хэн ч туслахыг хүсэхгүй шүү дээ.

Бас бүгд танд хариулах гээд хүлээгээд сууж байдаггүй, цаг заваараа л хариулах учир та өөрөө оролдсон нь ихэнх тохиолдолд хариулт ирэхийг хүлээж сууснаас илүү хурдан асуудлаа шийдэх боломжтой байдаг.

Өөрийнхөө асуудлыг "үнэгүй" шийдвэрлүүлэх гэж байгаа бол өөрөө эхлээд цаг заваа тодорхой хэмжээнд зарцуулах л хэрэгтэй. www.google.com гэсэн хаягийг нээгээд Англи хэлтэй бол Англиар, өөр хэлтэй бол мэддэг хэлээрэй, бүүр болохгүй бол Монголоор хайж үзээд, Асуулт, Дусал, Лимнукс, Опенмн г.м цөөн хэдэн самбар, хэлэлцүүлэг, таны хайж буй зүйлтэй холбоотой блогууд, сайтуудаар ороод хэрэгтэй юмаа хайчихаад үнэхээр олдохгүй бол аль нэг самбар хэлэлцүүлэгт асуултаа тавих хэрэгтэй. Мөн олон сайтуудаас давхар асууж ч болно. Гэхдээ нэг сайт, самбар дээр ижил асуултаа давтаж олон асууж бүдүүлэг зан битгий гаргаарай. Ийм тохиолдолд танд хариулт ирэхээсээ илүүтэй давтаж бичихгүй байхыг сануулсан сануулга, анхааруулгууд л ирэх болов уу...
Мөн аль нэг самбар хэлэлцүүлгийг ашиглахдаа тухайн саитын дүрэм, хэрхэн хэрэглэх анхааруулгуудыг уншсаны дараа хэрэглэхийг зөвлөх байна.

Асуулт тавихдаа өөрийн зүгээс өгч болох бүх мэдээллээ асуултдаа багтаах хэрэгтэй. Ялангуяа алдааны мэдээллүүдийг, яг юу гэсэн алдаа гарч байгааг яг тэр үгээр нь асуултандаа оруулах хэрэгтэй.
Дээр нь нэмээд дэлгэцийн агшин зураг (screenshot) аваад явуулбал бүр л хурдан танд хариулт ирэх болно.

Хэн нэгэнд мөнгө төлөөгүй бол мессенжер болон чат, хувийн цахим захиагаар тусламж авах гэж гуйх нь бүдүүлэг хэрэг. Тиймээс самбар, хэлэлцүүлгийг ашиглаж сур. Бүртгэлгүй бол бүртгүүл (хаягаараа манахад хэрэгтэй). Учир нь ихэнх хүн нэг хүнд хариулж байхдаа энд бичигдээд үлдэх учир дараа дараагийн ийм асуудал тулгарсан хүмүүс үүнийг хайж олоод уншаад асуудлаа шийдээсэй гэж боддог юм. Харин мессенжер, чатын бичлэг нэг л хүнд туслаад өнгөрдөг. Тиймээс зүгээр л амьдралынхаа цагаас үрж байгаа хэрэг гэж ойлгодог.

Мөн асуудлаа хэн нэгний тусламжтай шийдэж чадсан бол эргээд болсон шүү, ингээд ингээд боллоо баярлалаа гэсэн талархалын үгийг хэлж сураарай. Бусад хүн асуудал шийдэгдсэн эсэхийг мэдэх ба хариулсан хүмүүс танд тусласандаа баяртай үлдэх болно.

За тэгээд энэ танд бага ч болов тус болох байх гэж итгэж байна. Амжилт хүсье!



Хэрэв ойлгохгүй болон болохгүй байгаа бол надаас лавлан асуун уу! [hi_nambuka@yahoo.com]
<Мөн энэ мэдээ таалагдсан бол доор байрлах Google-ын Reclam-н дээр өдөрт 2 дарж байн уу!?!>

0 comments:

Post a Comment

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger Templates